Олонхын яриагаар бэлгийн харилцаанаас таашаал авахгүй байна бид хоёр тохирохгүй хосууд юм шиг байна, бэлгийн харилцааны тоо цөөн байна, бэлэг эрхтэний хэмжээнээс болоод таашаал авахгүй байна гэх мэт хосуудад хамгийн чухал зүйл нь бэлгийн харилцаа гэсэн ташаа ойлголтууд байдаг. Гэтэл тэдний хайгаад байгаа зүйл сэтгэлийн дотносол байдаг.
Бэлгийн дотносол нь сэтгэлийн дотнослоос эхэлдэг
Таны ханьтайгаа харилцах харилцаа халуун дулаан ойр дотно байдаг уу? Аль эсвэл хол хөндий байдаг уу? Нэг нэгнийгээ хайхрахгүй үл тоомсорлох үүнд: хэт их ажилтай, нэг нэгэнтэйгээ сэтгэлээ нээж ярихгүй байх, өөрийнхөө сэтгэл хөдлөл санаа бодлыг илэрхийлж чадахгүй айж ичих, байнга буруутгаж шүүмжлэх зэрэг нь нэг нэгэндээ дургүй болох, туних, гомдох зэрэг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг бөгөөд улмаар бэлгийн дотно харилцаанд ороход саад болдог. Тиймээс дур хүсэл төрөхгүй байх, сэтгэл ханамжгүй байх, тоо цөөрөх гэх мэт асуудлууд гардаг. Сэтгэл санааны байдал нь бэлгийн харилцаанд шууд нөлөөлдөг гэсэн үг юм.
Фантаз хэзээ ч бодит амьдрал дээр биелэлээ олдоггүй
Та өөрийгөө өөр хэн нэгэнтэй хамт байгаагаар төсөөлж, хэн нэгэн хүнийг хүсэн тэмүүлж, фантазад байнга автаж байгаа бол таны одоогийн харилцаанд сэтгэлийн ойр дотны харилцаа дутагдаж байгааг илэрхийлж байдаг. Энэ нь таны сэтгэлийг гэгэлзүүлж, догдлуулж байгаа ч бодит амьдрал дээр биелдэггүй. Ялангуяа гэрлэсэн хосуудын хувьд өөр хүнтэй хамт байгаагаар байнга төсөөлдөг бол одоогийн харилцаанаасаа ойр дотно байдлыг мэдрэхгүй байгааг илтгэдэг. Энэ нь удаан үргэлжлэх юм бол гэр бүлээс гадуур харилцаанд ороход хүргэдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа зөвхөн бэлгийн харилцаанд орох үед биш харин сэтгэлээр өөр хэн нэгэнтэй холбогдож эхэлсэн үеэс бий болдог.
Хосуудын хүмүүжсэн орчин нь тэдний сэтгэлийн ойр дотно байдлыг тодорхойлдог
Хосуудын аль нэг нь энхрийлэл, хүрэх, нялуурах, үнсэх гэх мэтэд дуртай аль нэг нь эдгээрийг төвөгшөөх буюу тухгүй санагддаг. Энэ нь тэдний багадаа эцэг эхтэйгээ хэр ойр дотно буюу энхрийлэлд өссөн эсэхээс шалтгаалдаг. Хүсэн хүлээж байгаа зүйлийг нь нөгөө хос нь өгөхгүй болоод ирэхээр сэтгэлээр унах, гуниглах, урам хугарах, надад хайргүй ба санаа тавьдаггүй гэсэн мэдрэмжийг авахад хүргэдэг. Нэг нэгнийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, нэг нэгнийхээ хүсэн хүлээж байгаа зүйлийг таньж мэдэснээр хоёр талаасаа өөрчлөгдөж уусаж байж хосууд ойр дотно гэсэн мэдрэмжийг авах боломжтой.
Сэтгэлийн ойр дотно байдлыг хэрхэн бий болгох вэ? Багадаа эцэг эхээсээ хайр халамжийг хангалттай авч чадаагүй бол энэ хэрэгцээгээ бусдаас эрэлхийлж байдаг. Ханиасаа дутуу байгаа мэдрэмжийг дүүргүүлэхийг хүсдэг ч энэ нь хангагддаггүй. Хэрвээ таны сэтгэлийг хэн нэгэн юмуу ямар нэгэн эд зүйл (бүх төрлийн донтолт) хангаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа бол та мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Хүмүүс ханиас нь өөр нэгэн хүн юмуу эд зүйлийг хангана гэж үздэг ч энэ нь бүтэшгүй асуудал байдаг.