Багш хүн сурагчдаа хэзээ ч шалгалтандаа унаасай гэж хүсдэггүй ба сурагчдаараа бахархдаг гэдэгт би итгэдэг. Сайн багш гэдэг бол шавь нараа өөрөөсөө илүү дээр болоход тусладаг гэж та сонсож байсан байх. Тэгвэл багш хүний шавь нартаа хандаж буй харилцаа хандлага нь тэднийг хэн болох, ирээдүйд хэр амжилттай байхад чухал нөлөөтэй байдаг билээ.

Багшийн мэдлэг ур чадвараас илүү тэдний харилцаа нь сурагчдад нөлөөлдөг

Өнгөрсөн зуунд мэдлэг олж авах гэдэг нь зөвхөн ямар нэгэн шинжлэх ухааныг судлаж таньж мэдэх гэдэг утгаар хүлээн авч энэхүү мэдлэг мэдээллийг энэ чиглэлээр мэргэшсэн хүн л бусдад дамжуулна гэсэн ойлголт байсаар ирсэн. Тиймээс багш бүхнийг мэддэг бөгөөд сурагч юу ч мэдэхгүй багшийн зааж байгаа бүхнийг хүлээн авснаар мэдлэгийг олж авна. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд мэдлэг бол ямар нэгэн шинжлэх ухааныг судалснаар олж авна гэхээс илүүтэй бид нийгмийн бүтээгдэхүүн учир нэг нэгэнтэйгээ харилцах явцад мэдлэгийг олж авна гэсэн чиг хандлага гарч иржээ. Тиймээс багш нар ч гэсэн сурагчдаасаа суралцдаг, тэднийг илүү сонирхон илүү таньж мэдэх хандлагатай байж тэднийг хайрладаг гэдгийг мэдрүүлэх нь сурагчид сайн сурахад нөлөөлдөг.

Багшийн харилцаа хандлага сурагчийн өөрийн үнэлэмжид нөлөөлдөг

Сурагч даалгавараа хийгээгүй, хичээл дээр ярих, үймүүлэх гэх мэт үед багш өөрт төрж байгаа сэтгэл хөдлөлөө зохицуулж чадахгүйгээр орилох, олон хүүхдийн өмнө гутаан доромжлох, хэлэх хэлэхгүй доромжилсон үг хэллэгийг хэлснээр хүүхэд өөртөө итгэлгүй болох, өөрийнхөө үнэ цэнийг алдах улмаар хичээлдээ дур сонирхолгүй болоход нөлөөлдөг. Ямар ч нөхцөлд багш өөрт төрсөн сэтгэл хөдлөлөө анзаарч өөрөө эхлээд тайвширсны дараа сурагчидтайгаа хувьчилан ярилцаж сонсох нь асуудлыг илүү зөвөөр шийдэхэд тусалдаг. Ууртай байх үедээ асуудлыг шийдэх гэж бүү оролдоорой. Уурласнаасаа болоод хэлэх хэлэхгүй үг хэлэх эсвэл буруу үйлдэл хийхэд нөлөөлдөг.

Хүүхдийн гаргаж байгаа үйлдэл зөвхөн мөсөн уулын орой юм

Хэлээд хэлээд ойлгохгүй байна, удаа дараа сануулсан ч үгэнд орохгүй байна гэх мэт байдлаас болоод хүүхдийг бүхэлд нь муу сурлагатан, хоосон толгой, залхуу, 00-ийн ногоон 0 гэх мэт харж эхэлдэг. Гэвч хүүхдийн сэтгэл санаа ямар байгаа учир энэ хүүхэд ийм зан үйлдэл гаргаж байгаа гэдгийг нь сонирхож асуух юмуу эсвэл сонсдоггүй. Дийлэнхдээ хүүхдийн гаргаж байгаа үйлдэл нь сэтгэл санааных нь байдалтай шууд холбоотой байдаг. Магадгүй гэр оронд нь болж байгаа асуудлаас болоод сэтгэл нь тавгүй байх, хичээлээ ойлгохгүй байдлаас болж ичиж санаа зовох, хичээлээ сайн хийж чадахгүй учир буруутгал мэдрэх, ангийнхаа юм уу бусад хүүхдийн дарамт шахалтанд орсноор айж эмээх, өөрийг нь чадна гэсэн мэдрэмж өгдөггүй учир өөрийгөө дүүрсэн хүн гэж харах гэх мэт.

Хүүхдийн авсан дүнгээс илүү зан чанарыг үнэлэх нь чухал юм Тухайн хүүхдэд ямар нэгэн зан үйлдлийг хийлгэхийн тулд нэг бол шагнаж урамшуулах, нэг бол шийтгэл оногдуулах (биховеризм) гэсэн системээр боловсролын систем явсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ арга нь хэсэг хугацаанд л үр нөлөөтэй байдаг бөгөөд насан туршийнх нь зан чанар зуршил болоход нөлөөлдөггүй гэдгийг судалгаагаар баталж байгаа билээ. Энэ бол тухайн хүүхдийг гаднаас нь сэдэлжүүлэх арга ба энэ нь явцгүй харин дотоод сэдэлжүүлэлт буюу мотивац нь ямар ч нөхцөлд хүүхэд сурах дур сонирхолтой байвал ямар нэгэн шагнал урамшуулал байхгүй байсан ч зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг билээ. Хүүхдийг хичээлд дур сонирхолтой болгохын тулд ямар нэгэн юм авч өгнө эсвэл шагнана үгүй бол би ингэхгүй тэгэхгүй гэж айлгаад ч тус болдоггүй. Мэдээжийн хэрэг сурагчидаасаа юу хүсэн хүлээж байгаа гэдгийг тодорхой хэлээд ямар үр дагавар гарах вэ гэдгийг нь хэлж улмаар хийгээгүй тохиолдолд үр дагаварыг нь амсуулах нь хүүхдэд бас сурахад тусалдаг.

Spread the word. Share this post!

About the Author