Гэрлэлтийн чанар гэхээр хүмүүс асуух байх “чанартай болон чанаргүй гэрлэлт байх уу?” гэж. Америкийн гэр бүлийн зөвлөгч, сэтгэл судлаач Давид Олсон өөрийн ажлын туршлага дээр үндэслэн “Гэрлэлтийн чанарыг судлах сорил”-ыг гаргажээ. Тус сорилд гэрлэлтийн өдөр тутмын амьдралд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг тусгасан ба 12 хүчин зүйлийг оруулжээ. Үүнд: гэрлэлтийн талаарх төсөөлөл, гэрлэлтийн сэтгэл ханамж, хосын зан төлвийн нийцтэй байдал, эхнэр нөхрийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх арга, санхүүгийн зохицуулалт, чөлөөт цаг, сексийн амьдрал, үр хүүхэд ба гэрлэлт, найз нөхдийн харилцаа, жендерийн эрх тэгш байдал, шашин шүтлэгийн нийцтэй байдал зэрэг багтсан.
Энэхүү судалгааг монголын гэрлэсэн 48 хосод буюу нийт 96 хүнд явуулахад сонирхолтой үр дүн гарчээ. Судалгаанд 21-56 насныхан оролцсон ба гэрлэсэн жилийн хувьд 2-35 жил болсон хосууд оролцсон. Судалгаанд оролцогчдын дундаж үзүүлэлтээр гэрлэлтийн талаарх төсөөлөл, сексийн харилцаа, найз нөхдийн харилцаа, сэтгэл ханамжийн байдал зэрэг өндөр үзүүлэлттэй гарсан. Харин жендерийн үүргийн тухайд хамгийн бага үзүүлэлттэй гарсан нь монгол гэр бүлийн онцлог нь эцгийн эрхт ёсноос үүдэлтэйгээр эр нөхрөө өрхийн тэргүүн хэмээн хүндлэх уламжлалт үзэлтэй холбоотойгоор тайлбарлаж болох юм.
Онолын хувьд гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр байх нь гэр бүл болоод удаагүй шинэхэн хосуудад ихээхэн тохиолддог гэсэн боловч судалгаанд хамрагдсан хүмүүсийн хувьд гэрлэсэн жилээс үл хамааран гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр гарсан. Мөн гэрлэлтийн чанарын сэтгэлзүйн хүчин зүйлсийн хамаарлыг харахад өндөр хамааралтай гарчээ. Үүнд гэрлэлтийн талаарх төсөөлөл өндөр байх тусам гэрлэлтийн сэтгэл ханамж, эхнэр нөхрийн зан төлвийн нийц, эхнэр нөхрийн харилцаа, асуудлыг шийдвэрлэх байдал зэргийн үзүүлэлт өндөр байна.
Судалгаанд оролцогчид 1-4 хүүхэдтэй гэр бүлүүд байсан ба гэрлэсэн хосууд хүүхдийн тооноос хамааран гэрлэлтийн чанар ялгаатай байгаа эсэхийг үзэхэд эхнэр нөхрийн зан төлвийн нийц, асуудлыг шийдвэрлэх арга, чөлөөт цаг, бэлгийн харьцаа ялгаатай гарсан. Үүнээс харахад гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх тусам хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх явцдаа бие биенийхээ онцлогийг илүү таньж мэдэн, түүнд тохируулан өөрсдийн харилцаагаа зохицуулж, ойлголцдогтой холбоотой бөгөөд хүүхэдтэй болсноос хойш гарсан амьдралын янз бүрийн асуудал бэрхшээлийг даван туулсан туршлага хуримтлагдсан байдагтай холбоотойгоор өөрсдийн гэсэн асуудлыг шийдвэрлэх арга барилтай болсон байж болох юм. Мөн цөөхөн хүүхэдтэй байх тусам чөлөөт цаг их гарч, өөрсдийн дуртай сонирхдог зүйлсээ хийх боломжтой байж болох юм. Харин эсрэгээрээ олон хүүхэдтэй байх тусам хүүхдүүд болон тэдний хэрэгцээнд анхаарал хандуулах шаардлагатай тул өөртөө цаг гаргаж, чөлөөт цагтаа өөрсдийн хийх дуртай зүйлсээ хийх боломж нь багасдаг байж болох юм.
Гэрлэлтийн чанар гэдэг нь угтаа гэрлэлтийн эерэг болон сөрөг зан үйлийн тэнцвэрийг хэлж байгаа бөгөөд эерэг утгаар гэрлэлтийн чанарыг гэрлэлт дэх сэтгэл хангалуун байдал, гэрлэлтийн аз жаргал гэж тодорхойлж болно. Гэрлэлтийн чанарыг сайжруулахын тулд эхнэр нөхөр хоёулангаас нь хичээл зүтгэл, идэвх санаачлага гаргах шаардлагатай юм. Одоо тэгвэл би танаас асууя. Таны гэрлэлт хэр чанартай вэ? Таны зүгээс гэрлэлтийн чанартаа хэрхэн сайнаар нөлөөлж, хичээл зүтгэл гаргаж байна вэ?