Нөхөрлөлийн дарамт залуу хүмүүсийн амьдралд түгээмэл тохиолддог бөгөөд тэдний амьдралд ихээхэн нөлөөлдөг. Орчин үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр өсвөр насныхан үе тэнгийхэнтэйгээ тогтмол харилцаатай байдаг болсон. Зураг оруулах, статусаа шинэчлэх, чат бичих гэхчлэн хүүхдүүд найз нөхөдтэйгээ 24 цагийн турш холбоо харилцаатай байгаа нь давуу болон сул талтай. Үе тэнгийн дарамт нь залуу хүмүүст ихээхэн нөлөөлдөг асуудал юм. Энэ нь тэдний хувцаслалт, аливааг хийх сонголтууд, сонсох дуу хөгжим, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нөлөөлж болно. Үе тэнгийн дарамт болон найз нөхдийн дарамтанд өртөж буй хүүхдийг таних 7 шинжийг танилцуулъя.
- Зан үйлийн өөрчлөлт: Ялангуяа найз нөхдийн тодорхой хүрээлэлд орохдоо таны хүүхдийн зан үйл хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигла. Тэдний яриа, үйлдэл, хийдэг зүйлсийг нь ажиглаарай. Хэрвээ хүүхэд тань тодорхой хүмүүсийн хүрээлэлд ороод өөрчлөгдөж буй мэт ажиглагдвал үе тэнгийн дарамтанд өртөж болзошгүйг илтгэнэ.
- Найзуудтайгаа тохирохгүй байгаа мэт санагдана. Өсвөр насны хүүхэд тань найзуудтайгаа тохирохгүй санагдаж байгаагаа ярих нь магадгүй үе тэнгийнхнээсээ өөр байгаа мэт мэдрэгдэж байж болох юм. Бодит байдалд хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг ч өсвөр насныхан бусдаас ялгаатай гэдгээ мэдрэхээс илүү бусадтай адилхан гэж мэдрэхийг хүсдэг. Учир нь бусадтай адилхан байж, тэдний нэг хэсэг болохгүй л бол энэ нь маш тусгаарлагдмал байдалд хүргэдэг.
- Шинэ зүйлийг туршиж үзэх. Үе тэнгийн дарамт нь хүүхдүүдийг шинэ зүйл хийлгэхэд нөлөөлдөг бөгөөд энэ нь дандаа зөв, эерэг зүйл байдаггүй. Олон хүмүүс насанд хүрээгүй байхдаа, өсвөр насандаа тамхи татаж, архи ууж үздэг нь бусдын шахалт болон найз нөхдийн уруу татлаганд өртсөн байдаг. Архи, тамхины утааны үнэрийг ажигла. Энэ нь хүүхдийг цаашид хорт зуршилтай болох, бие махбодийн өсөлт хөгжилд нь сөргөөр нөлөөлөх аюулаас урьдчилан сэргийлэх юм.
- Гадаад төрхөндөө анхаарал хандуулах. Үе тэнгийн дарамтанд орж байгаан хамгийн тодорхой шинж нь бусадтай адилхан хувцаслах гэж оролдох, өөрийн өмсдөгөөс өөр стилийн хувцас худалдаж авах гэх мэтээр илэрнэ. Энэ нь нийгмийн болон үе тэнгийн дарамтаас үүдэлтэй өөрчлөлт байж болдог. Мөн нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зэргээс нөлөө авдаг.
- Харьцуулах. Эрүүл энгийн хүн ч өөрийгөө бусадтай харьцуулах тохиолдол байдаг ч эрүүл бус, хэт өөрийгөө бусадтай харьцуулах нь үе тэнгийн дарамтанд өртөж буйн шинж байдаг. Ихэнх өсвөр насны хүүхдүүд туранхай, өндөр байх, үснийхээ өнгийг өөрчлөх мөн г загварлаг хувцаслахыг хүсдэг бөгөөд үүгээрээ бусдад таалагдах, бусадтай адилхан дүр төрхтэй болохыг хичээдэг. Хэрэв та өсвөр насныхантай ярилцвал тэд хэн нэгний хүсч байгаа зүйлийг хүсч эсвэл хүсч байгаа зүйлээ хэн нэгнийхтэй адилтгаж байвал энэ нь үе тэнгийн дарамтанд орж буйн шинж юм.
- Хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийх. Ихэнх асуудалд орсон залуучууд “би үүнийг хийхийг хүсээгүй” эсвэл “тэд надаар хийлгэсэн” гэдэг бөгөөд үе тэнгийн дарамт нь хүмүүсийг хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийхэд хүргэдэг. Тэд ихэвчлэн бүтэлгүйтлээс айх, сул дорой харагдахаас айх, нэр хүндтэй хүмүүстэй үл тохирох вий гэдэг айдастай байдаг.
- Сургуулийн гүйцэтгэл. Сурлагандаа сайн байсан хүүхэд тань гэнэт муудвал үе тэнгийн дарамтанд өртөж байж болно. Хичээлдээ анхаарахаас илүү найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлж, хичээлээс өөр зүйлд хэт анхаарал хандуулж байгаан шинж байж болох юм.
Өсвөр насны хүүхдийн тархины гадрын духны хэсэгт байрлах шүүн тунгаах, зөв бурууг дэнслэх, шийдвэр гаргах зэрэг үйлдлийг хариуцдаг хэсэг бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул үе тэнгийн нөлөөнд автаж эрсдэлтэй, аюултай зүйл хийх магадлал өндөр байдаг. Хамгийн гол нь эцэг эх нь тэдэнтэй ярилцдаг, санаа бодол сэтгэл мэдрэмжийг нь хуваалцдаг, эцэг эхийн байр сууриас илүүтэй найзын байр сууриас харьцаж эхэлвэл таны үнэтэй зөвлөгөөг хүлээж авч, танд нээлттэй байх болно. Эцэг эх та өсвөр насны хүүхдийнхээ сайн найз нь байгаарай.