гэр бүл
Гэр бүл

Хүн бүр л сайн хүнтэй гэрлэж сайхан амьдрахыг хүсдэг. Энэ бүхэн гэрлэх хүнээ зөв сонгосноос мөн гэрлэлтэнд хэр зэрэг бэлтгэснээс ихээхэн шалтгаалдаг байна.  Гэрлэх хүнтэйгээ учирсан, учраагүй, хайж байгаа зэрэг олон төрлийн хүмүүс байдаг. Тэгвэл ирээдүйн гэрлэлтээ амжилттай байлгахын тулд та дараах зүйлсүүдэд анхаарлаа хандуулна уу. Яарвал даарна гэдэг зүйр үгийг санаж өөртөө болон гэрлэх хүндээ гэрлэлтэнд бэлтгэх, бие биенээ илүү сайн таниж мэдэх цаг хугацааг өгөх  нь зүйтэй. Энэ хугацааг 2-3 жил байвал сайн гэж эрдэмтэд үздэг. Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт нь насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж заасан байдаг. Хуулиар 18 насанд хүрсэн бол гэрлэхийг зөвшөөрсөн байдаг ч хүн өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэний дараа гэр бүлийн харилцааг эхлүүлбэл сайн.

Гэрлэх гэж буй хосууд бие биедээ чин сэтгэлээсээ хайртай байж, хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэх хэрэгтэй. Жинхэнэ хайр нь авахыг биш өгөхийг хүсдэг, бэлгийн харилцаанд орох гэж яарч, яаруулах биш хүлээцтэй, хүндлэлтэй ханддаг. Гэрлэх гэж буй хүнээ өөрийнхөө ойр дотны хүмүүстэйгээ уулзуулж янз бүрийн нөхцөл байдалд ямар хандлагаар харилцаж байгааг нь ажиглан харах хэрэгтэй. Өөртэйгөө хэтэрхий их ялгаатай хүнтэй гэрлэвэл гэр бүлийн амьдралд зөрчил маргаан үүсэх шалтгааныг нэмэгдүүлдэг. Жишээлбэл хэт их насны зөрүүтэй байдал, боловсролын ялгаатай байдал, амьдралын түвшингийн зөрүүтэй байдал, итгэл үнэмшил өөр байх зэрэг олон зүйлүүд байдаг.

Эцэг эхийнхээ гэрийг орхин өрх тусгаарлах, насан туршдаа бие биенийгээ хайр халамжаар дутаахгүй, үнэнч байна гэсэн амлалт шийдвэрийг гаргах, шинэ үүрэг хариуцлага хүлээх, олон зүйл дээр зориулалт гаргах, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй олон зүйлстэй нүүр тулна гэдгийг мэдэж  сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Хосууд бие биенийхээ зан чанар, үзэл бодол, хүсэл сонирхол, сэтгэл зүйн хэрэгцээ нь ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрч хүндлэлтэй хандсанаар гэр бүлийн харилцаанд үүсдэг аливаа зөрчлөөс сэргийлэх боломжтой юм. Гэрлэхээсээ өмнө гэр бүлийн боловсролыг эзэмших нь зүйтэй. Өөрсдөө бие даан эсвэл мэргэжлийн байгууллагын сургалт, зөвлөгөөнд хамрагдаж болно.

Гэрлэх гэж буй хосууд бие даан амьдрах чадвартай,  өөрсдийн гэсэн ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Эцэг эхээсээ болон хэн нэгнээс санхүүгийн хувьд хараат бус байхыг зорих хэрэгтэй. Мөн орон гэрийн хувьд тусдаа амьдрах нь гэр бүлийн аливаа харилцаанд эерэг нөлөөтэй билээ. Өрхийн төсөвөө сайн хөтөлж, хуримтлал үүсгэж, хэрэгцээгүй зүйлд үрэлгэн хандахгүй байвал сайн. Өр зээлтэй амьдралаас аль болох хол байхыг эрмэлзэх хэрэгтэй.

Эзэмшсэн мэргэжил боловсрол ажилтай болох, нийгэмд эзлэх байр суурьтай болоход ихээхэн нөлөөлдөг. Мөн ёс зүйн боловсрол нь ямар вэ? гэдэг нь маш чухал. Үүнд зорилго тэмүүлэлтэй,  бусдыг хүндэлж харилцдаг, биеэ захирах чадвар сайн, хариуцлагатай, элдэв муу зуршилгүй, төлөвшсөн байх зэрэг олон зүйлүүд багтдаг.  Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрөх тул гэрлэхээсээ өмнө эрүүл мэндийн байдалдаа онцгой анхааран эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хийлгүүлэх хэрэгтэй. Бэлгийн харилцаа нь эхнэр нөхрийн нандин харилцаа тул эрүүл зөв ойлголттой байж бие биедээ үнэнч байх нь олон эрсдэлт зүйлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой. Хэзээ хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөн жирэмсэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхээ шийдвэл сайн.

Spread the word. Share this post!

About the Author

Leave Comment

Your email address will not be published.