Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа гэдэг сайхан зүйр үгийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз. Үүнтэй адил эцэг эх болсон та үр хүүхэддээ бага наснаас нь эхлэн бэлгийн боловсролыг зөв зааж ойлгуулах нь маш чухал зүйл. Манай байгууллагын судалгаанд хамрагдсан өсвөр насны 313 хүүхдийн 32 хувь нь сургуулиас, 7 хувь нь эцэг эхээсээ, 19 хувь нь найз нөхдөөсөө, 16 хувь нь интэрнэтээс, 10 хувь нь зурагтаас, 16 хувь нь сургалт, гарын авлага, эмчээс бэлгийн боловсролын талаар  мэдэж авдаг гэж хариулсан байна. Үүнээс харахад эцэг эхчүүд хүүхдийнхээ бэлгийн боловсролыг сургууль, сургалтын төвд л даатгаж орхилгүйгээр нас насанд нь тохируулан энгийн нээлттэй байдлаар хүүхэддээ хэлж ярилцах нь зүйтэй. Хүүхэд бэлгийн боловсролыг зөв эзэмшвэл эрэгтэй эмэгтэй хүний бие физиологид гарч буй өөрчлөлтийг мэдэж сэтгэл зүйн хувьд тайван байдлаар хүлээн авч мөн өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй, эсрэг хүйсийн хүнтэй зөв харилцаж, үерхэж нөхөрлөж, хэзээ гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох тохиромжтой вэ? гэдгийг мэддэг болно.

 Бэлгийн боловсролыг хүүхдэд төрсөн үеэс нь эхэлж олгодог гэдгийг эцэг эхчүүд болон гэр бүлийнхэн нь мэдэх хэрэгтэй. Энэ нь хамгийн анх хүүхэд эцэг эхийнхээ тэвэрт тэврүүлэх, үнсүүлэх зэрэг бие биеэндээ хүрэлцэхээс эхэлдэг. 0-2 насанд нь хүүхдээ маш сайн анзаарч, тэвэрч хариу үйлдэл үзүүлж байх хэрэгтэй. Учир нь энэ үед хүүхэд өлсөж байгаагаа, өвдөж байгаагаа зэрэг аливаа сэтгэл хөдлөл, мэдрэмжээ уйлж эсвэл инээж л илэрхийлдэг. Хүүхдийг хуурайлж байхдаа болон кошонконд сууж бие засахад нь заваан юм, муухай үнэртэй байна гэж тоглоом шоглоом болгож хэлсэн ч  хүүхэд багаасаа ичих мэдрэмжийг авч бие засах нь заваан эсвэл миний эрхтэн заваан гэж бодоход хүргэдэг. Ингэж загнуулж байсан, шоолуулж байсан гурваас дээш насны хүүхэд ойр дотны хүн л байхгүй бол өөр хүний хажууд  бие засахаа хүртэл тэвчдэг болдог.

3-5 нас: Хүүхэд гурван нас хүрэхээрээ хүйсийн онцлог бүрдэж, сониуч үе нь эхлэн бүхнийг мэдэх гэж байнга яагаад гэдэг асуултыг асууж эхэлдэг. Хүүхдийнхээ асууж буй асуултанд эцэг эхчүүд өөрсдөө гайхаж сандралгүй, ичиж зоволгүйгээр, цааргалахгүйгээр тоглоом шоглоом болгохгүйгээр үнэн зөв хариулт өгөхийг хичээх хэрэгтэй Энэ үед нь хүйсийн ялгаатай байдлын талаар зөв үг хэрэглэн / эр бэлэг эрхтэн, хөх, үтрээ зэрэг / тайлбарлаж өгөх хэрэгтэй. Амьтан хүртэл эр, эм хүйстэй байдаг гэж хэлэн зураг үзүүлж болно. Ер нь бэлгийн боловсрол олгохдоо эцэг эхчүүд нас насанд нь тохирсон зурагт үзүүлэн, богино хэмжээний видео бичлэг, кино, нэвтрүүлэг, гарын авлага ном товхимол ашиглах боломжтой. Энэ үед хүүхдийг эцэг эхийн аль нь ч усанд оруулж, хувцасыг нь өмсгөж бие засахад нь тусалж болно. 6-12нас: Энэ үеэс эхлэн охидыг ээж нь усанд оруулж байх нь зүгээр. Ерөнхийдөө хүүхэд 7 насандаа бие даан  усанд орж эхэлдэг. Хэрхэн зөв зохистой тохиромжтой хувцаслах талаар ойлгуулж өгөх хэрэгтэй үе. Хүүхдийг бие дааж, өөрийн хувийн орон зайг бүрдүүлж эхлэхэд нь туслах хэрэгтэй. Энэ үед хүүхэд эцэг эхтэйгээ биш ганцаараа унтаж сурах хэрэгтэй. Эцэг эхчүүд усанд орж байхдаа, хувцасаа солиж байхдаа хүүхэдтэйгээ хамт байх хэрэггүй. Эцэг эхчүүд дотно харилцаанд орж байгаагаа хүүхэддээ харуулахгүй, сонсгохгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Мод ургаж томордог шиг хүүхэд ч гэсэн өсч том болон биед нь олон өөрчлөлт гардаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нь хөвгүүдийн хувьд шодой нь хөвчрөх,  10-12 насны зарим охидын сарын тэмдэг ирж, хөх ургаж эхэлдэг. Тиймээс ээж нар охиддоо 10 наснаас нь өмнө сарын тэмдэгийн талаар хэлж ойлгуулсан байвал сайн. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний хэсэг, эмэгтэй хүүхдийн үтрээний хэсэг болон хөх нь нууц хэсэг болохоор үүнд хэн ч дураараа хүрч болохгүй мөн бусад хүүхдийн нууц хэсэгт хүрч болохгүй гэдгийг сайн ойлгуулж өгөх нь зүйтэй. Мөн аль ч насанд бэлгийн хүчирхийллээс сэргийлэх  мэдлэгийг насанд тохирсон маш ойлгомжтой байдлаар олгосоор байх хэрэгтэй.

Spread the word. Share this post!

About the Author