Хүүхдийнхээ сурах арга барилд тулгуурлан гэрийн даалгавар хийх төлөвлөгөө гарга.

“Чамд гэрийн даалгавар байгаа юу?”

Энгийн боловч энэ асуулт  хичээлийн жилүүдэд танил болсон өнөөх л маргааныг эхлүүлнэ.

Ихэнх эцэг эхчүүд багадаа хичээлийн орой өөрсдийн гэрийн даалгавраас зайлсхийж байснаа санаж байгаа байх. Харин өнөө үед гэрийн даалгавраас болж маргаан болох нь шинэ зүйл биш боловч энэ асуудал 21-р зууны анхаарал сарниулсан шинэ техник технологиудаас болж улам хурцдаж байна

Сүүлийн үеийн судалгаанаас харвал залуучуудын бараг 75 хувь нь сошиал хаягтай; 91 хувь нь гар утастай; 97 хувь нь видео тоглоом тоглодог; энгийн өсвөр насны хүүхэд цагт дунджаар 10 мессеж илгээдэг байна. Тэгэхээр хүүхдүүд гэрийн даалгавар хийх нь уйтгартай, утгагүй гэж гомдоллохыг дахин дахин сонсох нь гайхах зүйл биш болжээ. Ангид компьютертой болсон ч уламжлалт боловсролын тогтолцоо нь хүүхдийн анхаарлыг төдийлөн татаж чадахгүй л байна. Аз болоход та хүүхдүүдээ хичээлд нь сонирхолтой болгохын тулд тэдэн шиг технологийн мэдлэгтэй байх албагүй. Даалгаврууд нь уйтгартай, утгагүй байсан ч гэсэн та эдгээр боломжуудыг ашиглан хүүхдүүддээ амжилтад хүрэхэд нь шаардлагатай ур чадвар, хандлагыг хөгжүүлэхэд нь туслах боломжтой. Та тэднийг өөрсдийн сурах арга барил, өөрсдийгөө хэрхэн идэвхжүүлэх, амжилтад хүрэхийн тулд юу хэрэгтэй болох талаар тунгаан бодох түлхэц өгөх боломжтой. Мөн та тэднийг өөртөө итгэлтэй суралцагч байхыг зааж чадна.

Асуулт сайн асуу.

Хүүхдүүдээ  амжилтынхаа төлөө хариуцлага хүлээхэд зоригжуул. Асуултаа товч бөгөөд эерэг байлга, хүлээлтээ ч мөн эерэг болго.

Жишээлбэл:

• Чамд миний тусламж хэрэгтэй юу?

• Чи ямар дүн авмаар байна?

• Чиний хүссэн үр дүнд хүрэхийн тулд чамаас юу шаардагдана гэж чи бодож байна?

• Чиний гэрийн даалгавар хийгдэж байгааг би яаж мэдэх вэ?

• Би чамд хэрхэн сануулж байгаасай гэж чи хүсэж байна?

Тэдэнд суралцах хувийн орон зайгаа бүтээхэд нь тусал.

Таны тав тухыг бага зэрэг эвдсэн ч хамаагүй хүүхдийг суралцах зөв орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг дутуу үнэлж болохгүй. Хүүхэд бүр адилгүй байх болно гэдгийг санаарай. Ихэвчлэн чимээ шуугиангүй, анхаарал сарниулах зүйлгүйгээр ширээний ард ганцаараа сууж хичээлээ хийдэг хүүхэд байдаг. Үүнтэй зэрэгцээ чихэвчээр хөгжим сонсож, “хивж болох” амттанаа бэлдэж тавиад шалаар нэг хэвтэж, даалгавар хийх зуураа бага зэрэг завсарлага авах шаардлагатай байдаг хүүхэд ч бас бий. Тэгэхээр эцэг эх таны өөрөөсөө асуух хамгийн чухал асуулт бол “Гол зорилго нь юу вэ?”. Хэрвээ таны гол зорилго “гэрийн даалгавар хийлгэх” бол та тэдний даалгавраа яаж хийх тухай хүсэлтийг хүлээн авч түүнийгээ батлан харуулах боломж олгоорой.

Өөрийн давуу тал дээрээ төвлөрөхөд нь тусал.

Сонсголоор суралцагчдын хувьд

Дуу чимээ чухал байдаг бөгөөд дуу чимээ дутагдсанаар заримдаа асуудал болдог.

Тэд танд ингэж хэлж болох юм: “Би танаас юм асууя!”, “Тантай ярьж болох уу?”, “Би нэг юм хэлэх гэсэн юм!”

Тэдэнд юу хийх хэрэгтэй талаараа ярилцах боломжийг нь олго. Тэднээс богино асуулт асууж, урт хариулт өгөхөд нь тэвчээртэй сонс. Тэд илүү их ярих тусам гэрийн даалгавраа хийх магадлал нэмэгдэнэ.
Харин дараа нь тэдэнд гэрийн даалгавраа хийх хамгийн тохиромжтой орчныг олоход нь туслан, анхаарал сарних боломж хамгийн бага газар сонгохыг уриал. Тэднийг даалгавар хийж байх үед нь саад болохгүй байж, гаднах дуу чимээг хамгийн бага хэмжээнд байлгахыг хичээ.

Хараагаар суралцагчдын хувьд

Юу хийх гэж байгаа зургийг нь харуулах эсвэл жишээ үзүүлэх нь тэдэнд маш их тустай.

Тэд танд ингэж хэлж болох юм: Та үүнийг яаж хийхийг надад харуулаач! Би таны хэлснийг сайн төсөөлж ойлгохгүй байна! Та үүнийг хараад өгөөч!

Үүрэг даалгавар нь юу болох талаар зураглан төсөөлөхөд нь тэдэнд тусал. Хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг сонирхон үз – заримдаа зүгээр л дахин харах нь тэдэнд хийх ёстой зүйлээ олж харахад нь тусалдаг байна. Мөн гэрийн даалгавар сануулахдаа компьютер эсвэл гар утсан дээрээ календарь, цагаан самбар эсвэл поп-ап сануулагч зэрэг нүдэнд харагдахуйц зүйл ашиглахыг санал болго. Тэдэнд зөвхөн хэлж сануулах нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг санаарай.

Хөдөлгөөнтэй суралцагчдын хувьд

Гэрийн даалгавраа хийхэд хангалттай удаан хугацаагаар суух нь хамгийн том сорилт юм.

Тэд танд ингэж хэлж болох юм: Шал утгагүй юм аа! Ямар уйтгартай юм бэ?

Энэ мэтийн идэвхтэй, хөдөлгөөнтэй суралцагчдын хувьд өөр нэг залхуутай ажил мэт санагдах зүйлд тав, 10 минутаас илүү хугацаа зарцуулах нь эрүү шүүлт адил тооцогдоно. Тэдний бүтээмжтэй байж болох хамгийн сайн боломж бол ойр ойрхон богино завсарлага авах, биеийн зарим хэсгийг хөдөлгөөнд байлгах явдал юм. Гол нь таны болон хүүхдийн тань зорилго бол гэрийн даалгавраа сууж хийх биш; харин даалгавраа хийж дуусгасан байх гэдгийг санаарай.

Аналитик чадвартай суралцагчдын хувьд

(Алхам алхмаар, дэлгэрэнгүй мэдээлэлд чиглэсэн, урьдчилан таамаглах боломжтой)

Анхаарлаа төвлөрүүлэх хамгийн тохиромжтой газрыг олох нь чухал юм. Тэд ганцаараа, саад болох зүйлгүй байж чадах чимээгүй, эмх цэгцтэй орон зайд бүтээмжтэй байх хандлагатай байдаг. Тэд гэрийн даалгавраа хуваарийн дагуу хийх дуртай бөгөөд тусламж хүсэх нь ховор. Харин тэднийг даалгаврын эцсийн хугацааг тодорхой мэдэж байгаа эсэхийг нь шалгаарай. Үглэх хэрэггүй, гэхдээ үүрэг хариуцлага тооцох шийдэл олохдоо тэднийг оролцуулж байгаарай.

Глобал чадвартай суралцагчдын хувьд

(Том зургаар, хам сэдвээр хардаг, мэдрэмжтэй)

Ганцаараа биш байвал суралцахад нь илүү хялбар байж болох юм. Глобалууд төрөлхийн бусадтай хамтран ажиллах сонирхолтой байдаг бөгөөд хэрэв тэд ганцаараа суувал ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд нь хэцүүхэн байх болно. Шалгарсан нэг арга бол глобалууд ажиллаж байхад бусад бүх хүмүүс ч мөн ажиллаж байх явдал юм. Хэрэв таны глобал хүүхэд хичээлээ хийж байхад гэр бүлийн бусад гишүүд чимээгүй, бүтээмжтэй байж чадвал (унших, компьютер дээр ажиллах гэх мэт) хүүхэд тань анхаарлаа төвлөрүүлэхэд илүү хялбар байх болно.

Гэрийн даалгавар нь эцэг эх, хүүхдүүдэд сорилт болсон хэвээрээ л байх болно. Гэхдээ хүүхэд бүртэйгээ харилцаа холбоогоо өсгөж, хөгжүүлэх нь амжилттай боловсролын суурийг бий болгож чадна. Энэ аяллын хамгийн эхний алхам бол хүүхдүүдийнхээ санал бодол, давуу талыг ойлгож, тэдний суралцах өвөрмөц арга барилыг нь хүндэтгэх явдал юм шүү.

© 2022 Focus on the Family. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр ашигласан. Синтия Улрих Тобиас зохиож, англи хэл дээр focusonthefamily.com сайтад нийтэлсэн болно.

Spread the word. Share this post!

About the Author