
Миний өсвөр насны хүүхэд амиа хорлох хандлагатай эсвэл өөрийгөө гэмтээх сэдэлтэй байгаа эсэхийг би яаж мэдэх вэ? Би үүнийг хүүхэд маань энэ замаар явж байх вий гэж санаа зовсондоо асууж байгаа юм шүү. Үүний талаар мэдэж байвал зохих анхааруулах шинж тэмдэг байдаг уу? Сэтгэл гутрал үргэлж амиа хорлох эрсдэл дагуулдаг уу?
Хэдийгээр сэтгэл гутрал нь үргэлж амиа хорлоход хүргэдэггүй боловч амиа хорлох сэдлийн төлөв байдалд нөлөөлдөг гол шалтгаануудын нэг бөгөөд энэ асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй юм. Хэрэв таны хүүхэд эмнэл зүйн хувьд сэтгэл гутралтай болсон байж магадгүй гэж таамаглах шалтгаан байгаа бол та үүнээс үүдэн гардаг зарим нийтлэг шинж тэмдгүүдийн мэдэж байх нь зөв болов уу. Та дараах шинж тэмдгүүд болох сэтгэлийн зовлонтой, өөрийн талаарх сөрөг үзэлтэй, сэтгэл санааны огцом савлагаатай, гутрах, уйлах, биеэ барих, тусгаарлагдах, ядрах болон шалтгаан нь үл мэдэгдэх бие махбодын бусад эмгэг илрэх, хичээлдээ муудах, огцом уурлах, илт жүжиглэх зэрэг зан үйл таны хүүхдэд илэрч байгаа эсэхийг ажиглаарай. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрч, хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилсэн бол яаралтай тусламж хүсэх шаардлагатай юм. Та эмчтэйгээ холбоо барьж зөвлөгөө авах, мөн тусалж чадах хэн нэгнийг холбож өгөхийг хүсэх боломжтой. Хэдийгээр яг одоо харагдаж байгаа дүр зураг нь шууд амиа хорлолт хүртэл хурцдаагүй мэт санагдаж байсан ч сэтгэл гутралыг даван туулахын тулд тодорхой алхам хийх хэрэгтэй
Ялангуяа хүүхэд тань амиа хорлолттой холбоотой сэдвээр үг цухуйлгах үед та бүрэн анхаарлаа хандуулж, нухацтай авч үзэх хэрэгтэй…
Та өсвөр насны хүүхдээ амиа хорлох эрсдэлтэй гэж бодох болсон шалтгаанаа бидэнд тодорхой хэлээгүй ч, үүссэн нөхцөл байдлын дүр зургаас үл хамааран бидний зүгээс өгч болох зөвлөгөөг танд хүргэж байна: Ниргэсэн хойно нь хашхирах гэгчээр сэрэмжтэй байдал илүүдэхгүй. Ялангуяа хүүхэд тань амиа хорлолттой холбоотой сэдвээр үг цухуйлгах үед та бүрэн анхаарлаа хандуулж, нухацтай авч үзэх хэрэгтэй. Үүнд: “Би үхчихсэн бол дээр байсан юм” эсвэл “Би байхгүй болчихвол амьдрал илүү амар болох байхдаа” гэх мэт.
Залуучуудын амиа хорлох эрсдэлт хүчин зүйлүүдээс дурдвал:
- Сэтгэл санааны хямрал;
- Мансууруулах бодисын хэт хэрэглээ;
- Бие хүний тодорхой эмгэг;
- Нийгэм эдийн засгийн байр суурь доошлох;
- Бага насны хүчирхийлэл;
- Эцэг эхийн салалт;
- Галт зэвсэг, жороор олгодог эмийн зохисгүй хэрэглээ;
- Хүмүүс хоорондын зөрчилдөөн;
- Ойр дотнын нэгнээ алдах зэрэг нь ордог;
Хүүхдэд дараах амиа хорлолтын эрсдэлүүд байгаа бол та тун болгоомжтой хандах хэрэгтэй.
- Өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан;
- Гэр бүлийн хэн нэгэн нь амиа хорлож байсан түүхтэй;
- Архаг өвчин, насны доройтол эсвэл хоёр туйлт эмгэг зэрэг сэтгэцийн ноцтой эмгэг байгаа эсэх;
- Маш хүчтэй гэм буруугийн мэдрэмж эсвэл амьдрах итгэлгүй болсон
- Амиа хорлох тухай заналхийлэх, ярих, тоглоом хийх;
- Сэтгэл гутрал, стресс, түгшүүр, урам хугаралттай тэмцэж байсан өсвөр насны хүүхэд гэнэт аз жаргалтай, тайван болсон мэт санагдах. Энэ нь түүний амьдралаа дуусгахаар шийдсэний шинж тэмдэг байж болзошгүй юм.
- “Гэрээ хоослох” – өөрөөр хэлбэл гэнэт хувийн эд хөрөнгөө бусдад тараах
- Нийгмийн хүрээлэл дотроос нь өсвөр насны хэн нэгэн амиа хорлох.
- Гэнэтийн, томоохон хохирол эсвэл доромжлол. Эцэг эхчүүд хүүхдээ бие махбодын болон нийгмийн хүчирхийллийн хохирогч болгохгүйн тулд сонор сэрэмжтэй байх ёстой. Найз залуу, охин хоёрын “салалт” ч гэсэн маш нухацтай авч үзэх ёстой өөр нэг нөхцөл байдал юм. Ийм үед өөрийн тэвдсэн сэтгэлээ дарж хүүхдийг сэтгэл хөдлөлдөө автахаас сэргийлэх хэрэгтэй. Тухайн асуудал таны хувьд өчүүхэн мэт санагдах эсвэл амархан шийдэгдэх нь чухал биш. Хүүхэд тань яаж харж байгаа нь л чухал юм.
Та эрсдэлийн түвшин болон аюул ойртож байгаа эсэх дээр дүн шинжилгээ хийх үедээ S-L-A-P аргачлалыг ашиглаж болно:
S = Specific plan.
Тодорхой төлөвлөгөө. Таны өсвөр насны хүүхэд амиа хорлохтой холбоотой тодорхой арга хэмжээ авахаар зэхэж байна уу (танд шууд мэдэгдсэн эсвэл өөр хэлбэрээр илчилсэн)? Хэрэв тийм гэж хариулсан бол дараагийн асуулт руу шилжинэ үү.
L = Lethality of the plan.
Төлөвлөгөөний үхэлд хүргэх эрсдэл. Энэ тодорхой төлөвлөгөө үнэхээр үхлийн аюултай юу? Хэрэв тийм бол таны хүүхэд одоо тавин хувийн эрсдэлтэй байна. дараагийн асуулт руу шилжинэ үү.
A = Availability of plan.
Төлөвлөгөөний боломжит байдал. Төлөвлөгөө хэрэгжиж чадах уу? Тэр зорилгоо биелүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл эсвэл материалыг олж авах боломжтой юу? Жишээлбэл, гэрт буу байгаа юу? Эмийн жороор олгодог их хэмжээний эм түүнд амархан олдох уу? Хэрэв тийм бол тэр маш их аюулд орсон тул та яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Эцсийн асуултыг заавал уншаарай.
P = Proximity of help.
Тусламж ойрхон байгаа эсэх. Үхлийн аюултай, бүх нөхцөл нь бүрдсэн энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад хийх ойр дотнын хэн нэгэн түүнд хангалттай ойрхон байгаа юу? Тэр найз нөхөд, гэр бүл эсвэл өөрийн хүндэлдэг хүмүүсийнхээ хажууд амиа хорлох оролдлого хийхгүй байх өндөр магадлалтай. Учир нь ихэнх амиа хорлолт нь сэтгэл гутралд орсон хүн ганцаараа эсвэл өөр амиа хорлох гэж буй хүнтэй хамт байх үед тохиолддог. Хэрэв ойр орчинд нь туслах хүн байхгүй бол хүүхдээ аюулгүй газар аваач. Хэрэв та түүнийг гэр бүлийн хараа хяналтад байлгах боломжгүй бол эрүүл мэндийн байгууллагын туслалцааг цаг алдалгүй аваарай.
Чамайг амьдралаа дуусгах талаар ингэж их ярихад хүргээд байгаа зүйл юу юм бэ?
Хэрэв та эдгээр асуултын хариултыг тодорхой хэлж мэдэхгүй байгаа бол өсвөр насны хүүхэдтэйгээ суугаад чин сэтгэлээсээ ярилцах нь зүйтэй. Бага зэрэг шаардангуй байхаас бүү айгаарай. Түүнд шууд асуулт тавь. Та “Эдгээр сөрөг мэдрэмжүүд хаанаас ирдэг вэ?” эсвэл “Чамайг амьдралаа дуусгах талаар ингэж их ярихад хүргээд байгаа зүйл юу юм бэ?” гэх мэтээр эхэлж болох юм. Ялангуяа “Ямар өөрчлөлт хийснээр чиний сэтгэл санаа дээрдэнэ гэж бодож байна?” гэж мэт нээлттэй асуух нь сэтгэлээ нээж чөлөөтэй ярилцахад тустай. Мөн та сэтгэл гутралын цаад шалтгааныг олох, амиа хорлох сэдлийг өгч буй дотоод дохиог нь тодорхой болгохын тулд албан ёсны сэтгэлзүйн оношилгоонд хамрагдах боломжтой. Таны хүүхэд түгшүүрийн эмгэг, хоёр туйлт эмгэг, эсвэл ямар нэгэн төрлийн бодисын хэт хэрэглээтэй тэмцэж байж ч магадгүй юм.
© 2022 Focus on the Family. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Зохиогчийн зөвшөөрөлтэйгээр ашигласан. Синтия Улрих Тобиас зохиож, англи хэл дээр focusonthefamily.com сайтад нийтэлсэн болно.